Sunday, May 15, 2011

Дөрвөн Ойрадын түүх

XV зууны тэргүүн хагасын Ойрад, Зүүн Монгол хоёрын тэмцэлд голдуу Ойрадууд ялдаг байжээ. Түүний гол шалтгаан нь тэр үед Ойрадын дотоод нэгдэл, зохион байгуулалт нь чанд байхад, Зүүн Монголын ноёд нь эрх мэдлээ булаацалдан тэмцэлдэж, төвийн захиргаа нь сульдаад байсантай холбоотой.
XV зууны эхэн үед Ойрадуудын хүчин сүрхий өсч Тогоон, Эсэн нарын эрх барьж байсан үед Ойрадуудын хуучин бүрэлдэхүүн болон газар нутагт зарим өөрчлөлт гарсан юм.
XV зууны тэргүүн хагаст Дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнийг сурвалж бичигт, Чорос, Торгууд, Хошууд нэг Ойрад, Хойд, Баатууд Түмэн нэг Ойрад, Барга, Буриад нэг Ойрад, Өр Монгол нэг Ойрад болж явсан гэжээ.
Чорос нь угтаа Бөртэ чонын удмын Добу сохрын үр хойчис юм. Хошууны ноёд нь Хавт Хасарын угсааныхан байв. XV зууны хориод онд Хасарын долоо дахь үеийн ач Аригтөмөр, Өрөгтөмөр ах дүү хоёр албат харьяатаа булаацалдан эвдрээд, Өрөгтөмөр нь Хянганы баруун тал, Хөлөнбуйр орчмын нутгаасаа өөрийн албатаа дагуулан Тогоон тайшийг түшиж ирсэн ажээ. Хошууны нэр анх XIII зууны тэргүүн хагаст Монголын цэргийн зохион байгуулалтаас үүсч, хожим нь аймгийн нэр болжээ.
Торгуудын язгууртан нь Хэрэйдийн Ван ханы угсааныхан юм. Турхагууд гэсэн нь сунжирч, Торгууд болсон гэлтэй. Турхаг нь Тураг, биерхүү гэсэн үг бөгөөд эрт цагт хааны ордон болон бие хамгаалах торгон цэргийг тийн нэрлэж байв. Торгуудын ноён Амгалан 1420-иод оны орчим Бөхмөрөн хэмээх газраас Ойрадын тогоон тайшийг түшиж очиход, Тогоон түүнд харъяатаасаа 50 өрхийн хамт өөрийн охиноо хатан болгон өгчээ. Хошууд, Торгууд нар тийнхүү XV зууны эхээр Ойрадад нэгдээд, анхандаа хүч, нөлөө нь бага байсан тул Чоросын хараат байдалтай захирагдаж байжээ.
Хойдын ноёд нь Ойрадын Хутуга бэхийн үр сад байжээ. Хутуга бэхийн үр хүүхэд нь Чингисийн алтан ургаас тасралтгүй гурван үе хатан буулгасан учир тэдний “яс нь цайж, цагаан тугийн ноён болсон” гэж сурвалжид тэмдгэлсэн байна.
Хойд нь Их мянган, Өл түмэн, Алаг гулз, Цагаан туг хэмээн дөрвөн отгоос бүрэлдэж байв.
Баатууд нь баатар гэдэг үгийн олон тооны хураангуй хэлбэр юм. Угтаа мөн цэргийн зохион байгуулалтаас энэ аймаг үүсчээ. Түмэд нь бүр XII зууны сүүлчээс Ойрадтай зэрэгцэн оршин явсан бөгөөд XV зуунд Алтай хавьд нутаглаж, нэг хэсэг нь Ойрадын бүрэлдэхүүнд багтан явсан нь дээрх мэдээнээс тодорхой байна. Тогоон, Эсэн нар Сэлэнгийн адаг, Байгаль нуур хүртэлх газрыг эрхшээлдээ оруулж байсан нь Барга, Буриад нар Ойрадын бүрэлдэхүүнд нэг үе багтаж явсан гэдгээс мэдэгдэж байна. Өр Монгол гэсэн нь Зүүн Монголоос Ойрадын харьяанд орж захирагдсаныг хэлсэн бололтой.
XV зууны эхээр Дөрвөн Ойрад нь хоёр гарт хуваагдаж, Зүүн гарыг Адусын Алагтөмөр, баруун гарыг Баатуудын Хатантөмөр нар мэдэж явжээ.
Эсэн хааныг нас барсны дараагаар Алагтөмөр эсэргүүцэл этгээддээ ялагдаж, Эсэний хатан Жимэс, ууган хүү Хоргодос, Асудын Алагтөмөр чинсан нар Завхан гол хавиар нутаглаж байгаад удалгүй Алагтөмөр нас барав. Эсэн хааны ах Бат ван өөрийн үр хүүхдүүд, харьяатаа авч, Хами хавьд нутаглав. Харин Эсэнгийн хүү Өштөмөр Ойрадын үлдсэн хүн амыг захиран, Алтан уул, түүний өврөөр төвлөн сууж, тэндээс Хятадад нэвтрэх замыг эрхшээлдээ оруулах, мөн урьд нь Ойрадын мэдэлд байсан Ордос, Хөх нуурыг дахин эзэмшихийн төлөө Зүүн Монголын ноёдтой хэсэг хугацаанд тэмцэлдэж байгаад 1478 оны орчим нас барав. Түүний дараа Хэшиг өрлөг Ойрадыг толгойлж, Гурван харуулын Урианхай нартай холбоо тогтоохыг оролдож байгаад 1486 онд нас баржээ. Түүний суурийг Архан залгасан боловч зарим ноёд Ашийг «хамаг тайш» хэмээн өргөмжилснөөр тэр хоёр хоорондоо тэмцэлдэж, Архан чинсан нь Бархөлийн хавь газрыг эзэлжээ.
Чоросын нэгэн ноён Бүрэнаялгуу нар Цагаан, Алдар зэрэг нутгийг эзлэн, өөрийн харьяат аймгаа «Өөлд» хэмээн нэрийджээ. «Өөлд» нь өсгөлүүн, биерхүү гэсэн утгатай үг гэж эрдэмтэд үздэг. Чоросоос тасран гарсан нэг аймаг Ойрадын дотор ингэж буй болжээ. Урьд нь Ойрадын бүрэлдэхүүнд хүчээр оруулсан Зүүн Монголын зарим аймаг (Өр Монгол) XV зууны  сүүл хагаст Ойрадын хүчин сульдахад гарсан учир тэдний оронд XV зууны эцсээс Өөлд нэг Ойрад гэгдэх болсон бололтой.
Ойрадын ноёдын эрх мэдэл, харьяат ардаа булаацалдсан тэмцэл даамжран 1490-ээд оны дундуур Өөлд, Чорос хоёр хоорондоо дайтжээ. Тэдний дотоодын энэ зөрчлийг Турфаны уйгуурууд далимдуулан XVI зууны босгон дээр Өөлдийг дайлсан бололтой. Тэдгээр өөлдүүдийн ихэнх нь баруун тийш нүүдэллэн холжээ. Сурвалж бичигт энэ тухай: “Өөлд...чиг үгүй жилийж, Кызылбашид одож шингэв” гэжээ.
XVI зуунаас Ойрадын Хошууд, Торгууд зэрэг аймгийн хүн ам нь нэлээд олшрон мал сүргийн тоо ч нэмэгдэж, том ноёдын эдийн засгийн хүчин өсч ирхэд тэд улс төрийн талаар биеэ даан, Чоросын ноёдын эрхшээлд шууд дуулгавартай захирагдахгүйг эрмэлзэх болжээ. Нэг талаар ингэж урьдын төвлөрсөн засаг суларч, нөгөө талаар Ойрадууд баруун талаар нутаглан, Дундад Ази руу анхаарлаа хандуулах болсноор барга, буриад нарын нилээд нь Ойрадын захиргаанаас гарчээ. Харин урьд нь Чоросын шууд захиргаанд явсан Хошууд, Торгууд нар биеэ даан гарч ирсэн байна. Мөн Эсэн хааны хүү Борнагал гэгч Чоросоос тасран салж өөрийн харьяат аймгаа «Дөрвөд» хэмээн нэрийджээ.
Чингэж XVI зууны эхэн үеэс Чорос, Хошууд, Торгууд, Дөрвөд нь Ойрадын гол дөрвөн аймаг болжээ. Урьдын Хойд, Баатууд нар дайн байлдаанд ялагдаж, хүн ам нь нилээд сарнисан учир Чорос зэрэг аймгийн захиргаанд багтаж орсон байна.
XVI зууны сүүлчээс Дөрвөн Ойрадын нутаг нь баруун урдуураа Хами, хойгуураа Эрчис голын эх, Кэм гол, Хөвсгөл, зүүн талаараа Хангайн уулсын баруун бие, урдуураа Хөх нуур, Цайдамын хойд талд хүрч эргэн тойрон нүүдэлчидтэй хиллэжээ.
XV зууны сүүлчээр Зүүн Монголын хүчин өсч, хааны байр суурь бэхжин Ойрадыг захиргаандаа оруулахыг эрмэлзэх нь нэмэгдэв. Нөгөөтэйгүүр зүүн монголчууд Ордос, мөн Хөх нуурын зарим газрыг эзэмшсэн нь Ойрадын Хятадтай харилцах замыг боогдуулжээ. Энэ нь ойрадууд гадаад бодлогынхоо чигийг өөрчлөн, Зүүн Туркестан, Дундад Азийн зэрэг баруун, баруун хойд талынхаа улсуудын талаар идэвхитэй бодлого явуулахад хүргэжээ.
XV зууны эцэс үед Хасагийн (Казахын) ноёд Дундад Азийн худалдааны зам, худалдааны зах зээлийн төлөө Узбекийн ноёдтой тэмцэлдэж байжээ. Ойрадын эрх баригчид тэр тэмцлийг ашиглан, Дундад Азийн зарим томоохон хот суурин, юуны өмнө Хамийг эзлэн авахын тулд ихээхэн анхаарал тавьж байжээ. Учир нь Хами тэр үед Дундад Ази, баруун зүгийн орнуудыг Хятадтай холбосон худалдааны гол хаалга байсны хувьд Моголистан, Ойрад, Хятад гурвын өрсөлдөөний талбар болж байв.
XIV зууны эцэс XV зууны эхэн үед Монголын Юан улсын хаадын угсааныхан Хамийг эрхшээлдээ барьж байсан боловч XV зууны 20-иод оноос ойрадууд түүнийг эрхшээлдээ оруулж, тэндээс турфанчуудыг шахан гаргаж эхэлсэн байна. 1470 онд Моголистаны хан Хамид довтолж эзлэн, Ойрадын арван мянган хүнийг олзлон авчээ. Түүний хариуд ойрадууд 1472 онд Моголистанд халдан, Или голын хавьд тэдний цэргийг ихэд дийлж ухраан, Сыр-Даръя мөрөн хүртэл мөрдөн хөөжээ.

Ойрадын ноёд ч Моголистаны доройтсоныг ашиглан, тэнд өөрсдийн нөлөөгөө бэхжүүлэхийг эрмэлзэн, цэргийн тусламж үзүүлэх, худ ургийн холбоо тогтоохыг эрмэлзэв. Жишээ нь, «Турфаны нэг ноён Рахима Кашгарын хан Мухаммедийн эсрэг босон тэмцэхэд, Ойрадын ноёд Рахимад туслан, эсрэг этгээдийн цэргийг бут цохиод дараа нь түүнтэй хэлэлцээ хийж, нэгэн ойрад язгууртны охиныг түүнд гэргий болгон өгч» байжээ. Ойрадууд XVI зууны эхэн хүртэл Казахтай тайван найрсаг харилцаатай байв. Гэтэл XVI зууны 30-аад оноос тэдний харилцаа хурцдаж, удаан хугацаанд тэмцэлджээ. Энэ тэмцлийн гол шалтгаан нь Ойрад, Казахын эрх баригчид газар нутгаа өргөтгөн тэлж, бусдыг эрхшээлдээ оруулан захирч, эрх дарх, хөрөнгө баялгаа улам нэмэгдүүлэхийг хичээн, хоорондоо өрсөлдөж байсанд оршино.
1557 онд Дундад Азиас Хятад орох гэж явсан Английн жуулчин Жениксоны үгээр бол “тэр удаагийн дайны шалтгаан нь Ташкент хотыг төлөө тэмцэл байжээ”.
XVI зууны үеэс Казахын ноёд нэлээд хүчирхэгжиж, Ойрадын өнгөлзлөгийг хүчтэй эсэргүүцэх болсон учир ойрадууд гадаад бодлогын чигээ өөрчлөн Хөх нуурт анхаарлаа хандуулах болжээ. Тэд Хөх нуурт нэвтрэн орж, тэнд байсан түрэг угсааны зарим нүүдэлчдийг шахаж эхэлсэн боловч удалгүй Зүүн Монголын ноёдын эсэргүүцэлтэй тулгарсан байна.
XVI зууны эхээр төвлөрсөн захиргааг эсэргүүцэж Даян хаанаас зугтсан Уйгурын Ибэрэй тайш, Бурхай нарын ноёд Хөх нуурт нутаглаж байсан билээ. Мөн Зүүн Монголын Баруун түмний Түмэдийн Алтан хан, Ордосын Мэргэн жинон нар Ойрадууд Хөх нуурт Уйгурын ноёдтой холбоо тогтоож бэхжихээс болгоомжилжээ.
Зүүн Монголын ноёд 1532-1550-иад онд Уйгур, Ойрадыг хэд хэдэн удаа дайлж, Хөх нуурыг эрхшээлдээ оруулаад улмаар Хамийн хойд тал, Хангай, Алтайн завсар хавиар нутаглаж байсан Хойд, Чорос, Баатууд нарыг удаа дараа байлджээ. Тэд 1541 онд Чоросын тэргүүлэгч Онгочийг оруулан авч байжээ. Тэр үед Хами хавьд нутаглаж байсан Чоросын ноён Арвидбула (Арвитбула) уйгууруудад цохигдож, хүч нь сульдаад байжээ. Алтан хан дараа нь Баатуудын ноён Мангирыг эрхшээлдээ оруулж, 1558 онд Хойдын ноён Мань Мянгатыг ялж, эхнэр хүүхдийг нь олзлон, охиныг нь хатан болгохын зэрэгцээ, Их Мянганы Очирай тайжийг бас баруун тийш нь шахсан байна. Тэр үед Зүүн Монголын ноёд Ордосыг мэдэлдээ байлгаж, улмаар Хөх нуур, Ганьсугийн зарим хэсэг, Амдо-д нэвтрэн бэхжиж, Түвэдтэй шууд харилцаа тогтоохыг эрмэлзэж, тэр зорилгоо биелүүлэхийн тулд Ойрадад байн байн цэрэглэн халдаж, тэднийг баруун тийш нь шахахыг хичээж байжээ. Энэ зорилгоор Ордосын Хутагтай Сэцэн 1562 онд тэр үед Торгуудыг толгойлж байсан Буурыг бут цохиж, 1572 онд Хойд, Баатууд, Чоросын заримыг эрхшээлдээ оруулж, 1574 онд Ордосын Буянбаатар довтолж Хойдын Исэлбэй хиаг олзолжээ. Гэтэл Исэлбэй удалгүй олзноос мултраад Баянбаатарыг довтлон алсан. Зүүн Монгол, Ойрадын хоорондын эдгээр байлдааны явцаас үзэхэд, XVI зууны II хагаст Ойрадын том ноёдын эдийн засгийн хүчин нь өсөн, улс төрийн тархай бутархай байдал ноёрхож, дотоод нэгдэл нь сул, хүч нь тарамдуу байжээ.
Халхын Абатай сайн хан 1577 оны орчим Хөхвөр хэмээх газар Ойрадтай байлдан дийлж, өөрийн хүү Сувдаад тэднийг захируулсан боловч 1586 онд Абатай нас бармагц ойрдууд Халхын захиргаанаас гарчээ.Ойрад, Зүүн Монголын зах залгаа нутгийн хооронд болж байсан эдгээр мөргөлдөөн нь ихэндээ орон нутгийн шинж  чанартай байсан боловч заримдаа Монгол нутгийг хамарсан, нэлээд ширүүн тэмцэл болон хувирах явдал ч байв.
Монголын язгууртануудын мал сүрэг нь өсөн, эдийн засгийн хүч нөлөө нь нэмэгдэх тусам бусдын эрхшээл нөлөөнөөс гарч, бие даасан байдалтай оршихийг эрмэлзэх нь ихэсч, XVI зууны сүүл үеэс төвийн захиргаанаас гарч, ийш тийш нүүдэллэх явдал нэлээд үзэгджээ. Тийм нүүдэллэлт нь үргэлжийн хямрал, дайн байлдааны хөлөөс зайдуухан оршиж, аж ахуйгаа хөтлөх гэсэн эрмэлзлэлтэй холбоотой байв. Нөгөөтэйгүүр тэр үед өөрийн эзэмшил бүхий язгууртнууд түүнийгээ залгамжлагчаа өвлүүлж цааш нь үе дамжуулж чадахгүй булаагдах явдал бишгүй байжээ. Эдгээр байдал нь ноёдын сэтгэлийг түгшүүлж байв.
XVI зууны эцэс, XVII зууны эхэн үед Ойрад, Зүүн Монголын тэмцэл улам хурцдан, байн байн дайтаж, зүүн монголчууд, Ойрадыг баруун тийш нь Алтайн чанд руу шахан түрсээр байжээ.
Гэтэл Ойрадын баруун талаас нь Казахын хаан, султан нар эсэргүүцэн довтлох нь идэвхэжжээ. Дотроо баруун, зүүн хоёр хэсэгт хуваагдаж, тэдгээр нь бас дотроо ноёдын жижиг эзэмшилд дам хуваагдаж тархай бутархай байдалд автаад байсан ойрадууд баруун, зүүн тийш нь нэгэн зэрэг тэмцэх боломжгүй байсан учир тэд байн байн довтолгоонд өртөж, хохирол амсах нь нэмэгджээ. Зарим баримтаас үзвэл, 1587 онд Халхын Баруун гарын Шолой убаши Ойрадад довтлон, тэднийг бүр Эрчис мөрний хөндий хүртэл мөрдөн шахжээ. 1588 онд Турфаны эрх баригчид Ойрадад довтлон зүүн тийш нь шахсанаас гадна ойрадууд Казахтай хийсэн тэмцэлдээ бас ялагдсан байна. Тийнхүү дайн самууны хөлөөс зугтан, үлэмж хол нүүдэллэх зэргээр Ойрадын ард түмэн их чирэгдэн хохирох болов. Зарим судлаачдын тогтоосноор, чоросууд 1587 онд Алтан хан, Шолой убашийн довтолгооноос зугтан Эрчис мөрний хөндий, Ижил, Хөх нуур хүртэл нүүж байсан бол, хойдууд 1552 онд Кунга голын хөндийд нутаглаж байснаа 1587 онд Эрчис мөрний эхэнд очоод байжээ.
Нөгөө талаар Ойрадын мал сүргийн тоо толгой нь аажим боловч өсч, бэлчээр нутгаа тэлэх эрмэлзлэл нэмэгдэн, Хятад болон Дундад Азийн зарим орнуудын зах зээлд нэвтрэх гэсэн оролдлого нь амжилт олохгүй, Моголистан, Казахын эрх баригчид, султан нарын эсэргүүцэлтэй байнга тулгарч хохирол үзэж байв. Мөн дотоодын хямрал ч хурцдав.
Дотоод, гадаадын тэдгээр хүчин зүйл нь Ойрадын нийгмийг тогтворгүй, хямралт байдалд оруулжээ. Тйим нөхцөлд Ойрадын томхон ноёдууд бусдын эсэргүүцлийг дарах, тэднийг тэмцлийн талбараас шахан гаргах замаар хямралт байдлаас гарахыг оролдох болов.
Хошуудын зарим ноёд 1590-ээд оны дунд үед Хами болон Турфаны зарим нутгийг эрхшээлдээ оруулан Бархөл, Үрүмч хавьд нутаглах болжээ. Мөн Торгуудын Буйху өрлөгийн хүү Хо өрлөг нэг түм, таван мянган өрхөө авч, 1607 онд Ховог сайр, Эмээл хавиас баруун хойшлон, Орын гагц мод хэмээх газарт нүүн одсон байна. Чоросын тэргүүлэгчдэд дургүйцсэн жижг ноёд, өөрийн харьяатаа дагуулан Хо өрлөгийн хойноос очсоор, хэдэн жилийн дотор Торгуудын тэргүүлэгчдийн мэдэлд дөрвөн түм орчим өрх айл буй болсон ажээ. Хо өрлөг түүнээсээ улам цаашилж, Эрчис голын дунд урсгалд хүрээд, Ижил голруу элч илгээж, тэндхийн байдлыг тандуусны дараагаар тэд 1620-оод оны сүүлчээр улам цаашлан Эмба, Ижил мөрний урсгал дагуу газарт нүүжээ. Үүний дараагаар Хошууд, Зүүнгар, Хойд, Дөрвөдийн зарим ноёд өөрсдийн харьяаттайгаа нүүж, мөн Ижилд очсон Торгуудтай нийлжээ.
Ойрадад XVII зууны эхээр бурхны шашин дэлгэрсэн нь тэднийг үзэл санааны талаар нэгдэхэд зарим талаар дөхөм үзүүлсэн байна.


Эх сурвалж: Монгол улсын шинжлэх ухааны академи түүхийн хүрээлэн
“Монгол улсын түүх” гутгаар боть

0 comments:

Post a Comment

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites